Сайтад 87 зочин гишүүн байхгүй байна

 

Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай холимог булчирхай юм. Ходоодны ард байрлах ба хоол боловсруултад оролцдог гадаад шүүрэл, нүүрс ус болон илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулдаг байна. Нойр булчирхайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлтөөс чихрийн шижин үүсдэг.

Чихрийн шижин нь таргалалт, хөдөлгөөний хомсдол, хоолны дэглэм алдалтаас үүснэ. Тухайлбал архи, тамхи хэрэглэдэг, амьдралын буруу хэвшилтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Нойр булчирхайн үрэвсэл нь цочмог ба архаг байдлаар илэрдэг. Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайнд үрэвсэл ба үхжилт үүсдэг. Дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.

Цочмог үхжилт үрэвслийнх нь үед хавсарсан, хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвслийн гаралтай дотоод хордлого бий болдог. Түүний улмаас төвийн болон захын цусны эргэлтэд өөрчлөлт гарна. Өвчний эрт үед (өвчин эхэлснээс цагаар тооцдог) өвчтөний биеийн байдал хүндэрч, өвдөлтийн шок, бөөрний хурц дутагдал, олон эрхтэний дутагдалд орж, цус алдах болон гэдэс түгжрэлээр үхэлд хүргэдэг.

Өвчлөлийн байдал

Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн цочмог үрэвсэл нь хэвлийн яаралтай мэс заслын өвчнүүдийн дотроос гуравдугаарт орж байна. Нойр булчирхайн хавдрын хувьд манай орны хавдрын тохиолдлын дотор тавдугаарт орж байгаа. Гол шалтгаан нь тамхидалттай холбоотой байдаг. Тамхидалт нойр булчирхайн хавдраар өвдөх эрсдлийг 2-3 дахин ихэсгэдэг байна. Манай улсад 10000 хүн тутамд нойр булчирхайн хорт хавдрын өвчлөл 4.7 тохиолдож байна.

Нойр булчирхайн цочмог үрэвслээр өвчлөгсдийн 10-15 хувь нь нас бардаг. Хүндэрсэн хэлбэрийн цочмог нойр булчирхайн үрэвслээс болж нас барах тохиолдол 70-97 хувьд хүрдэг. Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн хүнд хэлбэр болох үхжилийн эмчилгээний зарчим  өөрчлөгдсөн. Эхний үед эрчимтэй эмийн эмчилгээг хийх хандлага давамгайлах болов. Үүний дүнд 1990-ээд оны дунд үед  Шастины Нэрэмжит 3 -р Эмнэлэг (одоогийн нэр) жилдээ  нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй 8-10 өвчтөн хэвтэж эмчлүүлэн нас баралтын түвшин өндөр буюу бараг 50 хувь байсан. Тэгвэл сүүлийн арваад жилд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо ихэсч, жилдээ 20-30 болж, нас баралт 0-10 хувь болж буурсан дүн ажиглагдаж байна. 3 -р Эмнэлэгт нойр булчирхайн хурц үрэвслийн үед мэс заслын эмчилгээний заалт гараагүй тохиолдолд дотрын тасагт эмийн эмчилгээг эрчимтэй хийдэг. Түүний үр дүнд хурц үрэвсэл намжиж эдгэрч гарсан тохиолдол сүүлийн 10 жилд цөөнгүй байна. Нойр булчирхайн хурц үрэвсэл эмийн эмчилгээний үр дүнд намжсаны дараа уг өвчний сэдээгч нөхцөлүүдийн нэг болсон цөсний чулууг авах хагалгаанд ордог.  Нойр булчирхайн  үхжилт үрэвслийн үед эмийн эмчилгээ хийлгээд үр дүнгүй, мэс засал эмчилгээний заалт гарах нь бий. Тийм тохиолдолд мэс заслын тасагт шилжүүлж, эмчилгээ хийх нь үр дүнтэй юм. Мөн  нас баралт ч буурсан байна. Манай оронд хөдөлмөрийн насны залуучууд, гол төлөв эрэгтэйчүүд өвдөх тохиолдол илүү байна.

Шалтгаан:

• Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн  (Жишээ нь: Гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг.)

• Хоолны дэглэм алдах (ихэнх тохиолдолд  эрэгтэйчүүд гол төлөв хорхог идээд, хорхог боодог идсаний дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг)

• Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтэнүүдэд хийгдсэн янз бүрийн мэс ажилбар

Цочмог нойр булчирхайн үрэвслийн үед  их хэмжээний тос, өөхтэй хоол болон архи хэтрүүлж хэрэглэсний дараа аюулхай орчим өвдөнө. Зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжиж, бүсэлж өвдөнө. Мөн хүчтэй бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, аюулхай орчимд цанхайж хатуурах, халуурах шинж тэмдгүүд илэрнэ. Хурц үрэвслийн үед нойр булчирхайн аль хэсэг гэмтсэнээс хамааран хэвлийн баруун, зүүн хэсгээр өвдөж, суулгах, гэдэс дүүрэх ба хоолны дуршил буурах шинж илэрнэ. Мөн бөөлжих, ам хатах, дотор муухайрах, сульдах шинж тэмдгүүд илэрч, зарим тохиолдолд шарлалт илэрнэ. Дээрхи шинж илэрвэл хоолоо сойх, хэвлийд өвдөлт намжаах зорилгоор хэвлийд халуун жин хэзээ ч тавьж болохгүй. Эсрэгээрээ хүйтэн мөсөн жин тавьж, яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

Нойр булчирхайн үхжилт  хурц үрэвслийн хагалгаанд үхжсэн эдийг авсан байдал

Оношилгоо: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Биохими,  Эхо.

Эндосонография

Биохимид: амилаза, липаза, шүлтлэг фосфотаза

Оношилгооны гол ач холбогдогтой шинжилгээ нь хэвлийн эхо, компъютерийн томографийн шинжилгээ болно.

Урьдчилан сэргийлэлт:

Архи тамхи хориглох, хоолны дэглэм тостой өөхтэй хурц хоол идэх гол төлөв үүний дараа хүйтэн юм уух зэрэг нь нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэдэг. Зөв зохистой хооллох хэрэгтэй.

Эмнэлэгт яаралтай хэвтэж эрчимт эмчилгээ хийлгэн дотор мэс заслын эмч нарын хяналтанд байж, хувь хүний онцлог, эмнэлзүйн үе шаттай уялдуулж, мэс засал эмчилгээг хийлгэх ёстой. ШУГТЭ ийн мэс заслын тасагт өвчин эхэлснээс хойш  10 -14 хоногийн хугацаанд хагалгаанд орж байна. ХБЭСТасаг, дотор болон мэс заслийн эмч нар хамтарч ажилласны үр дүнд нас баралтын хувь буурсан. Тус эмнэлгийн мэс зэслын тасгийн эмч нар өөрсдийн туршлагад тулгуурлан нойр булчирхайн үхжилт үрэвслийн үед хийгдэх хагалгааны шинэ аргачлал гаргаж мэс заслын эмчилгээг хийж байгаа нь үр дүнтэй байна.

Нойр булчирхайн архаг үрэвсэл

Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч, даамжрах явцтай гол төлөв үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатингаршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл. Түүний цоргын бүтцэд уйлинхайн, шохойжилт, чулуу үүсдэг, нойрбулчирхайн гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг нойр булчирхайн архаг үрэвсэл гэнэ.

Нойр булчирхайн архаг үрэвслийн үед арьс шарлах, гэдэс дүүрэх, тослог зүйлээр суулгах, баас тосорхог наалданги болох,  жин буурах шинж илэрнэ. Хоолны шингээлт буурах, хэвлийн өвдөлт, хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, сүүтэй хоол цайны зохимжгүй болох шинж тэмдэг бүхий юм. Эхэн үед өвдөлт, сүүлийн үед тосон суулга давамгайлна. Нойр булчирхайн эсгэгийн дутагдалтай холбоотой нарийн гэдсэнд нян үржих шинж илэрнэ. Нойр булчирхайн архаг үрэвсэл сорвижилтоос хамааран хоол боловсруулах эсгэгийн ялгаралт багасдаг. Өвдөхөөс болгоомжлон хоол унд хэрэглэхээс татгалзсантай холбоотой өвчтөн турж эцдэг.

Эмчилгээнд: Өвдөлт намдаах, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг, архи хорих, антиоксидант, нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмгэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ. Нойр булчирхайн липаза болон гадаад шүүрлийн дутагдлыг нөхөх ферментүүдын үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг. Иймээс ходоодны хучил бууруулах эмүүтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд орох үед нарийн гэдсэнд хоол боловсруулалтанд оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 20 минутын өмнө уух хэрэгтэй.

Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нөхөх: Нойр булчирхйн фермент, ходоодны шүүрэл бууруулах эмийг: + PPI  ( Панзинорм форте Н өдөрт 1 удаа, креон, панкреатин, мезинфорте фестал,)  эмчийн заалтаар ууна.

Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх, гуурс тавих, цөсний чулуу авах ажилбаруудыг ШУГТЭ ийн дурангийн эмч нар хийж байна.

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх  сахар бууруулах эмчилгээг  дотоод шүүрлийн эмчийн хяналтанд хийдэг.

Тэжээлийн дутагдлыг нөхөх : Уураг , амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.

Нойр булчирхайн архаг үрэвслийн тавилан нь: Нойр булчирхайн архаг үрэвсэл анх оношлогдсон үеийн нас, тамхи татдаг, архи үргэжлүүлэн ууж байгаа байдал, хавсарсан элэгний эмгэг байгаа зэргээс хамаарна. Нойр булчирхайн архаг үрэвсэл 20 жилийн дотор дөрвөн хувь нь хорт хавдарт шилждэг гэсэн судалгаа байдаг.

 

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе